Билэгийн Дамдинсүрэн
Билэгийн Дамдинсүрэн | |
---|---|
Төрсөн | |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Монгол |
Мэргэжил | Хөгжмийн зохиолч |
Билэгийн Дамдинсүрэн (1919 онд төрсөн -1992 онд нас барсан) нь Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч, удирдаач юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Билэгийн Дамдинсүрэн нь 1919 онд одоогийн Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Үнэгтий хэмээх газар төржээ. 1939 оны Халх голын дайны үед “Халх голын бургас” хэмээх анхны дуугаа бичиж байжээ.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]- 1924-1928 онд Гандантэгчэнлин хийдэд шавилан суусан.
- 1928-1931 онд хорооны бага сургуульд суралцаж төгссөн.
- 1954-1956 онд Ленинград хотын Н.А.Римский-Корсаковын нэрэмжит хөгжмийн их сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид суралцсан (багш нь О.С.Чишко).
- 1958-1962 онд Бээжин хотын хөгжмийн их сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид (багш нь Жан Дэн Шан) суралцан төгссөн.
Ажилласан байдал
[засварлах | кодоор засварлах]- 1931-1934 онд "Монгол тээх"-д жолоочийн дагалдан,
- 1935 оноос Улсын Төв Театрт хөгжимчин,
- 1941-1954 онд Улсын төв театрт хөгжмийн удирдаач,
- 1955-1956 онд шоронд сууж байсан. (Зөвлөлтийн ард түмний өөдөөс нударга далайсан хэргээр оронд оржээ.)
- 1956-1957 онд Баян-Өлгий аймгийн хөгжимт драмын театрт уран сайхны удирдагч,
- 1957-1958 онд Улсын хөгжимт драматик театрт уран сайхны удирдагч,
- 1962-1981 онд Улсын дуурь бүжгийн театрт хөгжмийн зохиолч, найруулагч,
- 1981-1982 онд Дорнод аймгийн хөгжимт драмын театрт уран сайхны удирдагч,
- 1983 оноос "Монгол кино" үйлдвэрийн хөгжмийн ерөнхий редактор зэрэг ажил үүрэг гүйцэтгэж байв.
Б.Дамдинсүрэн нь 1992 оны 1-р сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод таалал төгсчээ.
"Шинэ Монголын хөгжмийн урлагийн тулгын чулууг тавилцаж, Монгол хөгжимд дуурийн урлагийг үндэслэн хөгжүүлж эрийн цээнд хүргэсэн авъяас билэгт хөгжмийн зохиолч Билэгийн Дамдинсүрэнгийн уран бүтээл монголын хөгжмийн урлагийн хөгжил дэвшлийн нэг томоохон түүхэн зураг мөн" гэж судлаачид үздэг.
"Ухаантны шар" гэгддэг хоёр давхар жижигхэн байшинд хөгжмийн зохиолч Билэгийн Дамдинсүрэн гуайнд орж хоолонд гарамгай түүний хийсэн амттай хуурга хүртэж, аяга тагш юм хувааж, амтат яриаг нь чагнаж таатай байдагсан. Б.Дамдинсүрэн гуайг би Дамдиа гэж дуудна. Дамдиа маань Ленинградад сургуульд очоод, цагдаа дээрэлхээд байхаар нь цохиод унагачихаж. Ер нь хүрээ зодоонч, хөл муутай болохоос биш, хоёр гарын хүч нь их, тэгээд ч жин гэж лут. Зөвлөлтийн ард түмний өөдөөс нударга далайсан хүн намын хилэнд шатахаас яахав. Шоронд оржээ[1].
Шагнал
[засварлах | кодоор засварлах]- 1949 онд "Ийм нэгэн хаан байжээ" жүжиг туурвисан учир БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагнал
- 1951 онд БНМАУ-ын "Төрийн дуулал" туурвисан учир БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагнал-ыг 2 дахь удаа хүртэж,
- 1969 онд БНМАУ-ын Ардын Жүжигчин болжээ.
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]Дуурь
[засварлах | кодоор засварлах]- 1942 онд Учиртай гурван толгой (Цомнолыг Д.Нацагдорж)
- 1952 онд Жаргалын зам (Цомнолыг Ч.Чимид, Ч.Ойдов)
- 1965 онд Тэмцэл (Цомнолыг Д.Намдаг)
- 1970 онд Амарсанаа (Цомнолыг Д.Намдаг. С.Дашдооров)
- 1974 онд Мартагдашгүй 42 хоног
Бүжгэн жүжиг
[засварлах | кодоор засварлах]- 1963 онд Шуурга, 1 бүлэгт
- 1968 онд Нуурын домог
Симфони зохиол
[засварлах | кодоор засварлах]- "Хасбаатар" симфони найраглал 1962 он
- "Миний эх орон" симфони удиртгал 1965 он
Цөөхүүл хөгжим
[засварлах | кодоор засварлах]- "Хэнтийн өндөр ууланд" хийлийн гоцлол 1947 он
- Виолончель төгөлдөр хуурын аяз 1955 он
Хөгжимт жүжиг
[засварлах | кодоор засварлах]- Шарай голын гурван хаан
- Мандухай цэцэн хатан
- Жаргалыг хүссэн Мөнхөө
- Ийм нэгэн хаан байжээ
- Амарсанаа
- Далан худалч
- Талын баатар
Киноны хөгжим
[засварлах | кодоор засварлах]- 1945 онд Цогт тайж (Б.Смирновын хамт) -
- 1966 онд “Нөмрөг хадны цуурай”,
- 1972 онд “Ичээнд нь”,
- 1978 онд “Солонгын таван өнгө”
- 1980 онд”Өнөр бүл”
- 1980 онд “Хүний сайхан сэтгэл”
- 1981 онд “Говь хянганд тулалдсан нь”
- 1983 онд “Сахиус уу, сахиул уу”
- 1986 онд “Фронтод явах өргөдөл”
- 1985 онод ”Ацаг шүдний зөрүү”
- 1989 онд ”Хөх өвсний нуур хөлгүй”
- 1989 онд ”Сэрүүн дуганы мөхөл”
- 1991 онд “Аянгат цагийн дууль”
- 1992 онд “Эцгийн голомт” зэрэг уран сайхны киноны хөгжим бичжээ[2].
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- ТӨРИЙН ХОШОЙ ШАГНАЛТ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ БИЛЭГИЙН ДАМДИНСҮРЭН
- БИЛЭГИЙН ДАМДИНСҮРЭНГИЙН ЗЭЭ ХҮҮ Л.ЭНХЦОГТ: Өвөө хар үүрээр хөгжмөө тоглоод, хоногт гурван хайрцаг тамхи татаж, өтгөн хар байхуу уугаад суучихдаг байлаа
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Билэгийн Дамдинсүрэн: Миний энэ муу хоёр гарын жаахан бүл шоронд бас хэрэг болсон шүү". duuren.life (англи хэлээр). 2024-07-17. Татаж авсан: 2024-07-17.
- ↑ "Билэгийн Дамдинсүрэн | Монгол кино нэгтгэл". mongol-kino.mn. Татаж авсан: 2024-07-17.