Сибирь
Сибирь (Орос: Сибирь) нь Оросын Холбооны Улсын харьяаны, Уралын нуруунаас зүүн тийш орших Хойд Азийн өргөн уудам газар нутгийн нэр юм.
Нийтлэг тохиолдолд Япон тэнгис, Агнуурын тэнгисийн эрэг хавийн нутгууд хамаардаггүй боловч өргөн утгаараа тус бүс нутгийг оруулж заах тохиолдол бий. Өтгөн шигүү ой тайга, намгаас үнэртэх шивтрээс нь болж Монголчууд Шивэр хэмээн нэрлэж байсан уламжлалтай бөгөөд одоо ч ОХУ дахь Буриадууд Шэбэр хэмээж байна. Екатеринбург, Омск, Новосибирск, Красноярск, Эрхүү зэрэг томоохон хотууд бий. Өргөн утгаарх Сибирь нь түүнчлэн Хабаровск, Владивостокийг агуулна.
Засаг захиргааны нэгжүүд
[засварлах | кодоор засварлах]Уралын Холбооны тойрог, Сибирийн Холбооны тойрог, Алс Дорнодын Холбооны тойрогт хуваагдана. ОХУ-ыг бүрдүүлдэг 7 холбооны тойргийн 3 нь ийнхүү (өргөн утгаарх) Сибирьт харьяалагдана.
Газарзүй, байгаль
[засварлах | кодоор засварлах]Умард туйлд ойрхон орших тул өвлийн улиралд маш хүйтэн, 8 сарын сүүлчээр цас орох нь бий. Оймяконд -73 хэм хүртэл хүйтэрч байсан нь хүн амьдардаг газар дахь хамгийн хүйтэрсэн тохиолдол болон бүртгэгдсэн байдаг. Нөгөө талаар зундаа 30 хэмээс давж халах бөгөөд эрс тэс уур амьсгалтай. Сибирийн хүйтэн агаарын фронт Монголд урсан орж ирснээр Монголд хахир хүйтрэх тохиолдол олон.
Ихэнх хэсгийг нь тайга хэмээн нэрлэгдэх зах хязгааргүй шилмүүст ой эзлэнэ. Хойд хэсгээрээ тундрын бүст хамаарч, ургамалын төрөл зүйл эрс цөөрнө. Газар доор нь зузаан мөнх цэвдэгийн давхрага бий. Байгалийн баялаг асар их бөгөөд хэрээс хэтэрсэн олборлолт нь дэлхийн дулаарал болон байгалийн бохирдлын нэгэн хүчин зүйл болж байна хэмээн үздэг.
Устах аюулд ороод буй Амурын бараас эхлээд олон төрлийн амьтад нутаглана.
Обь, Енисей, Лена зэрэг 3 том мөрөн хойд зүгийг чиглэн урсч Умард мөсөн далайд цутгана. Эдгээр нь зуны улиралд усан тээвэр хийхэд тохиромжтой боловч өвөл хөлддөг.
Мөн Сибирьт дэлхийн өвд бүртгэгдсэн, цэнгэг устай хамгийн гүн нуур болох Байгал нуур оршино.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Сибирь нь Монголын хойд хэсэгт орших тул түүхийн салшгүй холбоотой нутаг юм. Монголчууд хүч суларсан үедээ Хятадын довтолгооноос зугтан Сибирь лүү оддог байснаас эзлэгдэж байсан удаагүй, морь хөлөглөсөн Монголчуудад Сибирийн тайга нь сайхан түшиц газар болдог байв. Одоо ч Сибирийн урд үзүүрт Монголчуудын хамгийн хойд анги болох буриад ардууд оршин суудаг билээ.
Анх Оросоос Сибирьт нэвтэрсэн нь арвин баялаг ангийн арьс, үсний эрэлд гарсан Строгановын удмын худалдаачдын хөлсний цэргүүд байлаа. Сибирийн төв хэсэгт хагас нүүдлийн байдалтай тогтнож байсан Сибирийн ханлиг 1572 онд ангийн арьсаар татвар төлөхөөс татгалзсан тул Оросууд Сибирийг эзлэхээр цэрэг хөдөлгөх нь тодорхой болсон юм. Оросын хөлсний арми болох козакуудын атаман Ермакийн удирдлагаар Сибирийг Оросын мэдэлд оруулсан юм. Ермак 1578 оны 10 сард зүүн зүгийг чиглэсэн аянаа эхэлсэн бөгөөд Сибирийн ханлигийг бут цохих тулалдааны үеэр Ермак өөрөө алагдсан ч эцэст нь 1598 онд Сибирийн ханлиг мөхсөн юм. Ийнхүү Оросууд цааш ахисаар 1636 онд Агнуурын тэнгист хүрч, бүх Сибирийг өөрийн болгож колоничилсон аж.
Сибирийг эзэмшсэн Орос улс нь Манж Чин улстай шууд хиллэх болсон юм. Тэд Албазин, Нерчинск цайзуудыг байгуулсан боловч Энх-Амгалан хаан үүнийг нь эсэргүүцэж 1685 онд цэрэг илгээн Албазиныг сүйтгэсэн байна. Хүч тэнцүү хоёр гүрэн сөргөөцөлдөх нь зохисгүй гэж үзсэн 2 тал 1689 онд Нерчинскийн гэрээг байгуулан хилийн заагаа Становын нуруу буюу Гадаад Хянганы нуруугаар тогтоосон юм. Ийнхүү хойд талаараа оросуудаар хашигдсан нь монголчуудыг Манж Чин улсад эзлэгдэхэд хүргэсэн байж болох талтай.
19-р зуунд Манж Чин улсын хүч суларсан тул 1858 нд Айгуны гэрээ ёсоор Амур мөрний хойд эрэг, 1860 оны Бээжингийн гэрээгээр Уссурь голын зүүн эргийн Приморьег Орос улс өөрийн болгож, эзэмшил нутгаа тэлсээр байлаа.
1917 онд гарсан Октябрийн хувьсгалын дараа Оросоос хараат Алс Дорнодын Бүгд Найрамдах Улс, Приморийн Бүгд Найрамдах Улс хэмээх тоглоомын улсууд байгуулагдсан ч удалгүй Зөвлөлт Холбоот Улс байгуулагдахад бүрэлдэхүүнд нь орсон байна.
Учир нь 1918-1922 онд Япон, АНУ, Их Британи зэрэг улсууд Сибирьт цэрэг илгээж, коммунист хувьсгалыг дарах оролдлого хийсэн юм. Дэлгэрэнгүйг Сибирийн интервенц өгүүллээс үзнэ үү.
20-р зуунд Африк, Азийн колони орнууд ээлж дараалан тусгаар тогтнолоо олцгоосон ч Сибирьт тусгаар улс байгуулагдсангүй.
Гэхдээ эдийн засгийн хурдтай өсөлттэй, мөн уугуул оршин суугчид цөөнх болж, оросууд ихэнх хувийг эзлэх болсон зэргээс үүдэн салан тусгаарлах хөдөлгөөн өрнөхгүй гэж үздэг.